Thursday, April 30, 2009

Дээд Монголчууд

Дээд Монголчууд PDF Хэвлэх И-мэйл


17-р зууны дунд үед Төвдийн бурхны шашин Гэлүг-па болон бидний хэлж заншсанаар шарын шашин, Нинма-па буюу бидний мэдэх улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсч Халхын Цогт хун тайж улааны шашинтан байж, түүнийгээ өмгөөлөн дэмжиж Хөх нуурт ирэн шарын шашинтнуудыг алж талан, шахан гадуурхаж, тэр үеийн шарын шашны тэргүүн 5-р Далай ламын байр суурийг хөдөлгөж эхэлсэн гэдэг.

Яг л энэ мөчид Ойрд монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотроо бэлчээр нь хүрэлцэхгүй багталцаж ядан байх тэр мөчид 5-р Далай лам дөрвөн ойрдын нэг Хошуудын хан Төрбайхыг залан, туслан тэтгэж Халхын Цогт ханы халдалгаас хамгаалж өгөхийг хүссэн ажгуу. Хятадын баруун хойт хэсгийн Гансу, Сичуан, Шижан, Шинжаан дөрвөн мужын дунд орших уугуул Төвдүүдийн нутаг болох Чинхай буюу монголоор Хөх нуур мужид төвд, хятад болон хасаг, хотон, салар лалын шашинтнуудын дунд аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэнд бол Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг одоогийн Дээд монголчууд юм.

Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын зүг жолоо залжээ. Хөх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар хоёр монгол төвдийн шашны мөргөлдөөний төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж улаан хошуу болтол нь тулалдаж Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Харин Цогтын удам ийнхүү цөөхөн хэдэн халх болж энэ газар үдлсэн нь энээ. Үүнээс хойш Төрбайх хан Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай лам Төрбайх ханд шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цолоор шагнасан нь одоо бидний хэрэглэх түүний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд төвд болон Хөх нуурын өндөрлөгт Гүш Хаан өөрийн Хошууд хаант засгийг байгуулан 70-аад жил оршин тогноод 1723-ны Гүш хааны ач Лувсандазан Манжийн ноёрхолын эсрэг босоод дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш тэдний төрөл нэгт монголчуудаасаа алслагдан салсан он жилүүд эхэлжээ.

Одоо Хөх нуур мужид хоёр томоохон бүлэг Дээд монголчууд байх бөгөөд тэдний нэг Хэнаны Дээд монголчууд гэж нэрлэгдсэн 32 800 орчим хүн Хуангнан Жэүд байдаг харин нөгөө үлдсэн нэг бүлэг нь олонх нь Хайши Жэүд буюу нуурын баруун талд, зарим нь Найнан Жэү болон Найбэй Жэү буюу нуурын хойд урд талаар нутагладаг. Энэ хоёр бүлгийг дөхөмхөн Төвд болсон Төвд болоогүй Дээд монгол гэж болно. Хэнаны Дээд монголчууд төвдийн нөлөөнд маш их автсан бөгөөд одоо цөөхөн хэдэн өндөр настайчуудаас бусад нь монгол хэл, бичиг мэдэхгүй болсон байна. Харин нуурын баруун, урд хойд талд байх Дээд монголчууд одоо хэр монгол бага, дунд сургуульд суралцан монгол үсэг бичиг хэрэглэж, монгол хэлээр ярилцдаг. Дээд монголчуудын хэл Ойрд аялгуутай (баруун монголчуудтай төстэй).

No comments:

Post a Comment

сомментарии