Thursday, April 30, 2009

Ойрaдууд PDF Хэвлэх И-мэйл


1.Худ ураг тогтов
Ойн иргэд буюу ойн арад хэмээх нэр томъёог лав л өөрсдөө сонгож олоогүй, тэднээс өмнө иргэншиж төвхнөсөн хээр талын нүүдэлчид оноож өгснөөс зайлахгүй. Ойн иргэд гэдэг нь Азийн сэрүүн бүсийн их шивэр ой буюу Сибирь газарт амь тэжээж ирсэн ахуйтай хүмүүсийг хэлнэ. Тэднийг хэл язгуураар нь хоёр ангилж үзэж болох бөгөөд жинхэнэ ёсны ойн иргэд Урасуд, Тэлэгүд, Күштэми зэрэг монгол бус ханлигууд бөгөөд байгал далайн умар хавь, түүнээс зүүнших хөвч тайгын бүсэд сууж байжээ. Мөн цааш ус ихэт Амар мөрний урсгал дагуу хийгээд Уссурын хөвч нутагт Түнгүс хэлтэй иргэд идээшиж асаныг манж нарын дээд өвөг Зүрчид мөн хэмээнэ. Эдгээр ойн иргэдтэй зэрэгцэж баруун захаар нь хил нийлж Хиргис, Хэмчиг нарын нүүдэлчид аж ахуй, ан гөрөөгөө эрхлэн явсан аж.Эдгээр монгол бус ханлиг аймаг түүхийн үйлийн үрээр бидэнтэй дайсагнаж, дийлж дийлдэж явсныг шастир судраас сайн мэдэх болсон. Харин нөгөө нь Монголын ойн арад хийгээд тэд Өвөр Байгал, Энисей мөрний дээд урсгал, Соёны нурууны хөвч бэл, хавь орчмын тал хээрийн бүсийг эзэгнэн суусан бидний мах цусны тасархай, хэл заншил нэгт Барга, Буриад, Батуд,Хори,Түмэд зэрэг зах хязгаарын аймгууд Ойрад хэмээх ерөнхий нэрийн дор нэгдэж хураагдах бүлгээ. Манай Ойрадууд дээрээн захирах хаантай, дэргэдээ түших харцтай төр ёсны улс ханлиг бүрдэн тогтсон тэр мөчөөс дуудагдах нэртэй, дурсагдах түүхтэй олон зууныг элээсэн ажаам. Яваандаа ойн арад гэх хоёр үг нийлж Ойрад гэх нэгэн дуудлагад шилжиж улмаар Баруун Монголын ерөнхий алдар болон үлджээ. Харин зарим судлаачид ойр дотно буюу ойр төрөл гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн санал дэвшүүлдэгийг тэмдэглэвэл зохимуй.

Бидний Баруун Монголчууд нэн эртнээс мод чулуу ч юмуу тэр тоймын багаж зэвсгийн үеэс идээшиж дассан уугуул ус, суугуул газраа ая дуундаа өргөхдөө
Эртний Хангайн тавин оргил
Эргэж буцах замгүй жагсана
Эгнэгт үргэлжлэх Алтайн уулс
Эгцэлж гатлах завсаргүй хөшиглөнө
Жаран ногоон шугуй ширэнгэ
Нэвтрэх аргагүй нягтран шуугина
Далан цагаан мөсөн хадад
Далдын алсаас мөнгөлөн цайрна
Наян цэнхэр гүн нуур
Найман зүгтээ цэлэлзэнэ
Мянган тунгалаг горхи булаг
Миний нутгийн ариг ус хэмээн сэтгэлд хоногшиж түрлэг даран аялах дуртай. Алтайн хангайн уулсынхаа шарилж лууль ургах завсаргүй хангал атар бэл бэлчээрт ойрадууд адуу малаа адгуулж өсгөнө, морьтон зөрөх зайгүй хөвч тайгадаан булга шилүүс авалж, хүнс юүгээн бэлдэн, буга хандгай агнаж дээл хөнжлөө оёно, баавгай ирвэс намнаж дах дэвсгэрээ хийж эртнээс нааш эгэл дэг жамтай амь зуух ажаам. Б.Я.Владиморцев хэмээх Орос эрдэмтний томъёолсноор тэд бээр хагас нүүдэлчин хагас анчин байсан хэмээнэ. Христийн эриний хоёр дахь мянганы эхэн буюу XII зууны сүүлчийн хагаст нүүдэлчний удам, Монгол туургатны дотор нийгмийн хувьсал өрнөл эрчимжиж үндэстэн дэвшин дэгжих нүргээнт хөдөлгөөн хүн бүрийн цээжийг хөөргөж байв. Омог аймаг, улс ханлигийн нэгдэх, хүчирхэгжих эл хөдөлгөөн Монголчуудын хувьд Хүннү юм уу Түрэгын удмын сан, соёл иргэншлийн хөгжлийн үргэлжлэл бус Монгол угсаатны өөрсдынх нь дотоод хүчний сэргэлт өрнөлттэй шууд холбоотой хэмээн Оросын эрдэмтэн Лев Гумилев бичиж дэлхий даяарт түгээн тунхагласан. Нартай өдрийн цахилгаан мэт энэхүү урьд өмнө нь хүний толгойд багтамгүй санаа тэр цагийн зөвлөлт мэтийн их гүрний дээгүүр зиндааны зарим хүмүүсийн эгдүүг хүргэж тархийг доргиулсан аваас соёлт ертөнцийн номын хүмүүсийг шуугиулж амжсан билээ. Хялбараар хэлбэл угсаатны био хүрээний дотоод эрчим хүчны зүй ёсны өрнөл хэмээн нотолсон явдал мөн. Дотоод хүчний эл дэлбэрэлтийн долгионоос хязгаарын ч гэлээ Ойрад түмэн хоцроогүй нь лавтай. Ойрад нарыг тэргүүлэх Хутуга бэхи хэмээгч ноён 1201 оноос Жамуха сэцэний талд, Чингисийн эсрэг тэмцэж явсан хийгээд Мэргэд, Найман аймагтай хамсаж тэмцлээ үргэлжлүүлж явсан авч удаа дараагийн хүлээсэн ялагдлын дараа жолоо буцааж тайгын зүг зайлан, Шишгэд голын сав дагуу нутаглан тархав гэнэ. Эл сацуу Монгол газарт Мөнх тэнгэрийн хүчин дор, эх газрийн хөрсөн дээр олон жил шантарч ухралгүй тэмцсэний эцэст цаст Алтайгаас их Хянганы уулс, цэнхэр Байгал далайгаас түмэн газрийн цагаан хэрэм хүртэлх өргөн уудам Монгол угсаатныг нэгтгэж амжлаа. Тингэж 3-р Жараны Улаан гал барс буюу 1206 онд Онон, Хэрлэн голын сав шимийн их газар монголын ноёдын их хуралдайгаас нэгдсэн тулгар төрийг цогцлон босгосноо тунхаглан, Есүхэй баатрын хөвгүүн Тэмүүжинийг Бүх Монгол хэлтний эзэн хаанаар өргөмжлөн өргөвөө. Тийн Чингисийн он тоолол эхэлсэн ажаам. Чингис эзэн өгүүлрүүн:"Урьд би наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн ивээлээр хүч аугаа нэмэгдэж Гүрэн Их Улсыг хамтатган ганц жолоонд оруулсан тул надад мянган шадар хишигтэнг ялгаж өг. Хэвтүүл, Хорчин, Торгуудын хамт бүгдтүмэн хүн болгож өгтүгэй" хэмээн зарлиг буулгав. Нэгэн туургийн дор их улсыг цогцлон босгоход хойт хязгаарын ахан дүүс ойн иргэд буюу өмнө дурдсан Хутуга бэхийн Ойрадууд хоцорсон юм байж. Эл явдал Их Хааны сэтгэлийн үзүүрт уяатайн учир 1207 онд ахмад хөвгүүн Зүчидээ цэрэг захируулан хөдөлгөж тэднийг дагуулан авахыг тушаан илгээв. Монголчуудын нэгдэн бэхжиж буй, ул мөртэй хөдөлгөөнийг Хутуга бэхи зүй ёсоор үнэлж түмэн Ойрад нараа дагуулан Зүчийн хүчинд даган орж эв эеийг хичээснийг түүний гавъяа хэмээн үзэлтэй. Ойн иргэдын олон аймгийг дагуулан оруулж хан хөвгүүний хийморь цогийг бадруулан буцаж ирсэнд эзэн Чингис урамшиж, таашаан хүлээн авч "Хөвгүүдын ахмад чи, гэрээс анх удаа гараад мөр сайтай явж хүрсэн хүн мөрийг зовоосонгүй. Өлзийт ойн иргэдийг оруулж ирэв чи эдгээр иргэдийг чамд өгье" хэмээн соёрхон зарлиг буулгасан тэр мөчөөс Хутуга бэхийн Ойрад Зүчийн хүчинд зүтгэх болжээ. Хутуга бэхийн эл үнэн санааны зүтгэлийг их хаан соёрхон сайшааж тэдэнд хишиг хүртэж цол хэргэм өргөмжлөөд улмаар худ ургийн холбоо тогтоосон ажаам. Хутуга бэхийн хөвгүүн Иналчид Чэчэйхэн охиноо өгөв. Иналчийн ах Төралчид Зүчийн охин Олуйханыг өгөв. Хутуга бэхийн өөрийн охин Өгэли Халишийг Өгэйдэйн хөвгүүн Гүегт хатан болгосноор алтан ургийнхантай мөчир үндсээрээ холбодсон нь тэрээ. Түүнээс хойш Ойрадууд Чингисийн их аян дайны хэрэгт цэрэг эрийн нөлөөлөхүйц үүрэг гүйцэтгэсэн хийгээд хожим Хубилай болон Или хаадын дайн байлдаанд гол хүчны нэгэн багана болж явсныг түүх мартаагүй. Хүлэгү хааны ноёрхол дахь Араб орны засаг захиргааны ноёдын тушаалд Ойрад хүмүүс сууж асаныг судар бичигт бичсэн байдаг. Худ ургийн холбоо хэлхээ үе улиран үргэлжилсэнийг нилээд хожмын Ойрад Далай тайшийн гүнж Ханджамц ахайтан Гомбодорж Түшээт ханы Хатунаар өргөмжлөгдөн ирсэн үйл харуулах буй. Ханджамц хатун Монголын их соён гэгээрүүлэгч, урлах ухааны хосгүй уран бүтээлч Өндөр гэгээн Занабазарын эх хийгээд түүнийг сурвалж бичигт "Гоо үзэсгэлэнт, сайхан авирт Хатудын удам төгөлдөр Ханджамц хэмээгч болой" хэмээжээ (А.Очир Өндөр гэгээн Занабазар. Э/ш-ний бичиг)
2. Дөрвөд Ойрад
Монголын Ойрадууд, оршин сууж дассан Байгал далай орчмын ойт бүсээ 13-14-р зууны орчим орхиж аажмаар баруун зүг тийш нүүдэллэн Алтайн нурууны суга бэл хийгээд Баруун Монголын хээр тал тийш тархан нутагших болсон ажээ.Сайхи нүүдлийг хагас гөрөөчин хагас нүүдэлчин хэвшлээсээ талын мал аж ахуйтан зүг хийсэн алхам дэвшил хэмээн үзүүштэй. Энэхүү шилжилт нүүдлийн утга учир тийм илэрхий бус ч гэлээ болсон явдал тодорхой. Түүхэнд, Ойрадууд өсөж үржээд ойт бүс нутагтаа багтах аргагүйн улмаас нүүсэн гэж тэмдэглэсэн бол зарим судлаачид Хубилай хааны эсрэг Өгэдэй хааны ач хөвгүүн Хайдугын ширээний төлөө үргэлжилсэн тэмцлийн хөлд нухлагдаж аж ахуй ихээхэн хохирсоноос шалтгаалж аргагүй нүүхэд хүрсэн хэмээн үздэг. Эдгээр шалтгаан нүүж шилжих явдалд нөлөөлсөн нь гарцаагүй. Гэвч үүнээс чухал нөлөө нь хүмүүсийн нийгмийн харилцааны өөрчлөлт дэвшил, үндэсний сэргэн мандалт голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж баймуй. Тухайлбал:
1.Монгол угсаатан нэгдэж хана туургаан тусгайлан дугуйлж, Их улсаа зассан нь аймаг ханлигуудын харилцаа шинэ төвшинд гарч ирснийг урамшин хүлээж авсан хийгээд төрийн нэгдсэн бодлогыг тууштай явуулах өргөн боломж олгосныг юуны өмнө тэмдэглэвээс зохимуй.
2.Язгуурын монгол аймгийн үйлдвэрлэл хөгжиж аж ахуйгаа хөтлөх ур чадвар өссөн, сүү цагаан идээ түүхий эд боловруулах арга ажиллагаа улам мүр нарийсч буй нь олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгосон. Энэ нь хөвчийн анчин омог аймгуудын анхаарал сонирхолыг хүчтэй татаж чадсантай холбоотой. Энд ялангуяа умард нутгийнханы муухан төсөөлөх айраг хэмээх тэнгэрийн ундааг гайхам сайхан исгэдэг, их багагүй таашаан уудаг өргөн сайхан заншлыг хэлэлгүй орхигдуулж хэрхэвч болохгүй.
3.Худам Монгол бичиг үндэсний хэмжээны бичиг үсэг болж монголын соёлд томоохон дэвшилт болсон явдал Ойрадуудын тэргүүлэх хүмүүс боловсролтой чадвартай хэсгийн анхаарал шохоорхолыг зүй ёсоор татсан нь зайлшгүй.
4.Монголчуудын үндсэн сууц эсгий гэр ой хөвчийн урц овоохойг бодвол хавьгүй боловсронгуй, тохь тухтай сууц гэдэг нь ойлгомжтой.
5.Монголын тал торгон замын нэгэн салааны нөлөөнд орж, Хятад, Перс, Орос, Мажар зэрэг Ази Европын гар үйлдвэр хөгжсөн улс оронтой худалдаа арилжааны боломж нээгдсэн нь., иргэдийн ахуй болон сэтгэхүйд нөлөө үзүүлсэн байж таарна.
Оюун сэтгэлгээ, соёл иргэншлийн давуу нөхцөл байдал нь Ойрадуудын уужим талын зүг тэмүүлэн тархах голлох нөхцөл болсон хэмээгээд, эл шилжилт суурьшилт хожмын Ойрадын Зүүн гарын хүчирхэг нэгдсэн улс үүсэх шавыг тавьсан хэмээн үзэх үндэстэй.
Ойрадын түүхэн зурвасаас. Монгол Улсын түүх шастирт дуудах нэр, дуурсагдах үйлээрээ Ойрадуудын эзлэх байр суурь Юан Улсын үед эхлэн холбогдох учиртай. Чухам Юан улсын хүчин суларсан тэр сацуугаас Ойрадууд биеэ даах, улмаар нийт монголыг захирах санаархал тарсан хийгээд түүхийн давалгаанд ойж буй ихээхэн нүргээн дуулиан тарьсан. Хутаг бэхээс хойш нэр, түүхэн хөдөлгөөнд бүдгэрсэн авч, улиран өнгөрсөн хугацаанд гар хумхин дэмий суусангүй. Тулайн хөвгүүд- Аригбуха, Хубилай нарын тэмцэлд дүү Аригбухаг дэмжиж, хойно нь Хубилайн эсрэг Өгөөдэй, Цагаадайн ач нарын тэмцэлд оролцож Хайду хааны талд тулалдаж явжээ.Эл хөдөлгөөний зай завсарт тэд угийн Ойрад аймгийн Барга, Буриад, Хори, Түмэд дөрвөн аймгийгуриалан нэгдэж, Дөрвөн Ойрадын анхны чуулганыг үүсгэжээ. Анх түрүүний чуулганы тэргүүлэгч нь Явган Мэргэн буюу Бөх Хан нэмээгч бөгөөд 1260-1300 оны үйл хэргийн түүхэн төлөөлөгч болноТүүний хойчийн угсааг Өвөр Монголын Намсрайн "Дайчин Улсын үеийн Монголын түүх" хэмээх номонд, Явган Мэргэний хөвгүүн Ойлантай Ботан, түүний хөвгүүн Чорлон бөх, түүний хөвгүүн Бөх Чиладу, түүний хөвгүүн Хотхай Таюу (Зарим сударт Хоухай гэдэг )гэжээ. Хойноос нааш татан хэлэхэд тэрхүү Хоухай Таюу гэгч Тогоо тайжийн эцэг Батулай Чинсаны төрсөн эцэг нь Тогооны өвгө ажээ. Ойрадын Монголын Их хаанаас томилсон тайши нь Ойрад дотроо Зүүн, Баруун чинсан хэмээх хоёр туслах захирагчтай байсныг тэмдэглэсүй. Хайду хан нарын хөдөлгөөнийг төвшитгөх явцад Явган Мэргэний цогцолсон Дөрвөн Ойрадын анхны Чуулган хэмээх нэгдсэн холбоо хамтад задран унасан агаад тэд Зүүн этгээдийн Найман голын урсгалаас төв тийш Хангайн нурууны баруун, Тагнайн уулсын өмнө шилжин ирж Хөнхүй Завхан орчмын газарт идээших болсон аж. Энэхүү Монголын төв рүү ойртсон нүүдэл нь Ойрадын нийгмийн амьдралд хүчтэй нөлөөлж хувьсалт шинэчлэлтийг авчирсан амуй.Монголчууд аргагүйн эрхэнд Хятад газраас ухрах үедээ Ойрад түмэнд тавих хяналтаа сулруулсан завсрыг ашиглан Юан улсын хүчирхэг сайд Мөнхтөмөр, хойд аймгаар цөм Ойрадын нэгдэл сэргэж хоёрдахь чуулган дахин босов. Мөнхтөмөр гэдэг нь Хойдын голлох Хэрэгүд овгийн хүмүүн бөгөөд Элбэг Хааны (1361-1399) үеийн Өгэчи Хашиха гэгч мөн. Тэрбээр Ойрадын Чуулганыг сэргээн босгоод зогсоогүй, Зүүн Монголын газар нутгаас багагүйг өөрийн эрхшээлд оруулж амжжээ. Түүний хөвгүүн Эсэхүү Хаан бүх Монголын аймгуудыг 1415 оноос хойш арав шахам жил захирч явсан гэдэг. Түүхэнд Ойрадын нэр нөлөө өсөхийн хэрээр цагийн нугачааг дагаж дөрвөн Ойрадын бүрэлдэхүүн тухай бүрт өөрчлөгдөж байж. Тухайлбал 16-р зууны хүртэл
1. Чорос, Торгууд, Хошууд нар нэг
2. Хойд, Батуд, Түмэд нар хоёр
3. Барга, Буриад гурав
4. Ор Монголчууд дөрөв гэж явсан бол 17-р зууны гучаад он хүртэл:
1.Чорос
2.Хошууд
3.Торгууд
4.Дөрвөд нар хүчирхэг явжээ.
Харин Хо өрлөгийн Торгууд, Дөрвөдийн хэсэг Ижил мөрөн зүг халин гарснаар мөн дөрвийн бэлдүүн шинэчлэгдэж:
1.Зүүн гар буюу Чорос
2.Хошууд
3.Дөрвөд
4.Хойд нар Дөрвөн Ойрадын цогц аймаг болжээ. Ер нь Ойрадууд Монгол Улсын түүхэнд эерэг сайн, эсрэг сул аль алинаар нь нөлөөлсөн тухай ном сударт муугүй бичиж үлдээсэн аж. Монгол морины туурай Ази Европт нижигнэж Эзэнт гүрний эр бор харцагууд хорвоогийн тэн хагаст дуулам уухай цуурайтуулж явах сацад Ойрадууд тэргүүн эгнээнд ч зүтгэж явсан авч Их Монгол задран бутрах үед мөн л салж сарнихыг сэдэгч нэгэн болсныг эн зэрэгцүүлж тэмдэглэвэл зохилтой. Мөнхтөмөр буюу Өгэчи Хашиха, Эсэхү Хаан нараас хойш хойд аймгийн Батула Чинсан хэмээг ч Махаму нь Тайван, Батболд нартай хамтарч гурвуул Ойрадын чуулганыг залгамжлан авч Зүүн Монголын эзэд ноёдтой байнгын тэмцлийг үргэлжлүүлсээр иржээ. Махамугаас хойш түүний хөвгүүн Тогоон Тайши бүх Ойрадын тэргүүлэн захирахын зэрэгцээ бутрал задралын аюул нөмөрсөн Монгол туургатныг нэгтгэн төвшитгэх үйл хэрэгт сэтгэл зоригоо зориулсан хүмүүн. Тэрбээр Монголын Аругтай тайшийг ашиглаж Их Хаан Аадайг хороож улмаар нийт Монголыг өөрийн эрхшээлд оруулж захирч чаджээ. Тэгсэн хэдий ч Тогоон Их Чингисийн уламжлалыг тахин дээдэлж өөрөө хаан ширээнд суусангүй, эзэн хааны угсаатны Тогтобухыг Хаанд өргөмжлөн өөрөө Тайшийн зэрэгт үлдсэн авч хэрэг дээрээ Монголыг нийтэд нь захирч байв. Тогоон Тайшийн нэр сүр өсөхийн зэрэгцээ бусад Монгол аймгууд түүнд нэгдэн орж, хүрээгээ тэлсээр байв. Хөлөнбөөр хавиас Хорчингууд, Хийваны удирдсан Торгууд аймгийнхан Ойрадын чуулганд нэгдэн оров. Тогооны дараа түүний хөвгүүн Эсэн Хаан эцгийн үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлэн хэсэгтээ түүний дэглэм журмыг бат сахиж Ойрадын зэрэгцээ Монгол Туургатныг захирч явсан хэмээнэ. Тэрбээр, Их Хааны ор суух Чингисийн угсааны дэг ёсыг эндэн эвдэж, зүрх гарган өөрийгөө 1453 онд Улсын эзэн Хаан хэмээн зарласан авч асар удалгүй 1455 онд Төв Монголын ноёдод хорлогдон төгсжээ. Тэр мөчөөс эхлээд 100-гаад жил Ойрадын сураг чимээ бараг тасрахуйд хүрсэн хийгээд тэр тусмаан Чуулган дахиж сэргэж чадахгүй л байв. Үүний үндсэн шалтгаан нь Монголын эзэд ноёд Ойрадыг удаа дараа дайран дайрсантай холбоотой. Тухайлбал Мандухай сэцэн Хатун, Батмөнх Даян хааны цээрлүүлэлтийг хэлж болох буюу. Мандухай сэцэн Хатун 7 мастай Батмөнх Даян Хааныг Их сууринд өргөмжилсөний хойно хаан төрд харшилсаар буй Ойрад Монголын эздийг төвшитгөхөөр довтлон дайлав. Ойрадууд хоёр ч удаа ёс бсаар хаан ширээг шүүрэн авсан, гурван их хааныг хороосон ял асууж бяцхан хааныг тансаг бүхээгт тэргэнд залж, өөрөө үс гэзгээ эвхэж, хуяг дуулга асааж их цэргийн тэргүүнд мордов. Хоёр тал Тас Бүрд хэмээх газар хоёр талаас тулж тулалдан дайтсаны явцад Мандухай ихэд дийлсэн аж. Дөрвөн Ойрад дайн зогсоохыш гуйсныг Хатун бэр зөвшөөрч, Таван зурвас хатуу "Засаг" (хууль) тогтоохыг тулган шаардан авай. Мөн цээрлэл нь
Нэгд, -Их орд гэрээ "Орд" гэж болохгүй өргөө гэх
Хоёрт, -Малгайн залааг хоёр хуруунаас урт тавихгүй
Гуравт, -Завилж сууж болохгүй сөгдөж суух
Дөрөвт, -Айргийг Чэгээ гэж нэрийд гэжээ.Эл таван зурвас "Засаг"-ийн дөрвөн цээрлэлийг ойрадууд зөвшөөрч, харин махыг хутгаар бус шүдээр идэх зурвасыг цуцлахыг мэхийн гуйсныг Хатун ёсоор болгож Дөрвөн Ойрадыг номхотгон эрхшээлдээ оруулан авав. (Алтаншаа-Монголчуудын өчигдрийн......мөр. 1993). Ойрадуудыг сайн дарж хатуу цааз тогтоосны учир Батмөнх Даян хааны захиран суух хугацаанд тэдний дайралт зогсож, 40 шахам жил дотоодын үймээн хямрал намжсан хэмээн Монголын түүхэнд тэмдэглэсэн ажгуу.Даян Хаанаас хойш Ойрадын хөдөлгөөн тэмцэл дахин босож Хошууд, Чорос, Дөрвөд, Торгууд, Барга болон Батуд зэрэг аймаг цуглаж хошууд аймгийн Боржигон овогт Бубай Мирза хэмээх ноёныг Ханд өргөж, Ойрадын Чуулганыг гурвдахь удаагаа сэргээн босгов.16-р зууны 70-аад онд Бубай, Мирзаг нас барахад түүний хөвгүүн Ханай Хонгор Ойрадын хан ширээнд суусан аж. Баруун монголчууд дахин толгой өндийлгэх болсноос болгоомжилж, Гэрсэнз Жалайрын умбалу хөвгүүн Автай сайн хан 1587 онд Ойрадад довтлон орж хоёр тал Хөнхүй Завханы баруунд Дарвийн уулсын орчим тулалдаж Ханай Хонгор алагдаж Ойрад дийлджээ. Тийн, ойрдууд Хөнхүй Завханаа орхиж Алтай болон Тагнын уулыг давж Эрчис, Оби мөрний дээд урсгалд хүрч идээших болов. Христийн 17-р зуун хүртэлх Дөрвөн Ойрадын түүхэн зурвас хамгийн хураангуйгаар ийн агаад үүнээс хойшхи түүхэн тэмдэглэлийг даран дараагийн ойрадын нэрт хүмүүсийн бөлөг бүрээс дамжуулан уншихыг өчсүй. Эл дашрамд өгүүлэхэд, тэрхүү өнгөрсөн хүгацаанд манай өнө эртний өштөн өмнөт хөрш, номхон хараад суугаагүй, Монголчуудыг нутгаасаа хөөн гаргаснаас хойш удаа дараа дайрч цөлмөж шатаагаад амар заяа үзүүлээгүйг тэмдэглэхийн хамт, Зүүн Баруун Монгол хоорондын тэмцлийг гярхай ашиглаж, дийлсэн дийлдсэн аль алинд нь дэмжлэг үзүүлж, хоёр талын хүчийг адил сулруулж шавхах бодлого явуулга зохиож алс хэтийн ашиг хонжоогоо олсоор байсныг давхар санацгаая.
3.Тогоон Тайшин
Буяншир хааныг хороогоод Махаму Монголыг бүхэлд ноёрхох санаа агуулж, Буянширийн тэргүүн сайд Аругтайг дайлаар мордсон авч хоёр Монголыг харгалдуулж ашиг хонжоо олж дадсан Хятадууд мөн л Ойрадын цэргийг дайрч хөөсөн ажээ. Монгол Түмнийг хэрэг дээрээ хоёр хувааж 1415 оноос Баруун Монгол буюу Ойрадыг Махаму, Зүүн Монголыг Аругтай Тайши хуваан захирч өөр хоорондоо тэмцэлдсээр байв. Харин 1422 оны үед Хорчины Адай гэгч ноёныг Монголын хаанд өргөмжилсөн тэр сацаа Махаму буюу Батула Чинсан нас барж, түүний хөвгүүн Тогоон эцгийн ширээг залгамжлан суув. Тогоон хөвгүүн Аругтай Тайшитай үргэлжлүүлэн шийдвэртэй тэмцсэний эцэст түүнийг дийлж, нийт Монгол туургатныг эрхшээлдээ оруулж чадсан ажаам. Тэгэхдээ, Тогоон их Монголын ёс жамыг эвдэхгүйг хичээж, өөрөө ширээнд суухын оронд Чингисийн угсааны Тайсун хэмээх Тогтобухыг хаан ширээнд өргөмжилсөнөөр монгол улс нэгэн зэрэгцээ хоёр хаантай болсон хэрэг.Тогоон, Аругтайг бүрмөсөн устгахаар шийдвэрлэж, 1434 онд түүнийг байлдан дийлж, амийг нь хороосон ажээ. Аругтайн өргөмжлөн гаргасан Хорчины Адай хаан эл дайн байлдааны явцад алагдсан гэдэг. Үүнээс хүйш Тогоон өөрийн холбоотой байсан Тайван Батболд хоёрыг тонилгоод, Хятадыг дайлаар мордох бэлтгэн буй ахуйдаа 1439 онд гэнэт нас барсан амуй.Нэхэн өлүүлэх ину: Тогоон Тайши бол захын Мянган овогт гэдгийг цухасхан дурдсан. Түүний унаган нэрийг Багуму гэх агаад харин өвөг эцэг нь саар санаат Хоухай Таюу гэгч дэргэдийн сайд, Явган мэргэний угсааны хүн, хойно хорон санааны нүглээс Элбэг нигүүлсэгч хаанд хороогдсон гэдэг. Тогоон хэмээх нь угтаа доромжилсон хоч, түүнийг багад нь их Хааны зарлигаар Баруун Монголыг захирагч Аругтай Тайшид зарц болгон өгсөн хийгээд тэрбээр урьдын хонзонгоор Багуму хөвгүүнийг хөөтэй тогоонд хөмөрч Тогоон гэх хоч өгчээ. Харин эл хоч нь нэр болон хувирч, түүхэнд Тогоон нэр мөнхрөн үлдсэн болмуй. Энэ бол учиртай, Аругтайн жинхэнэ нэр нь Өгэдлэхү (Өөдлөх) хэмээх хийгээд багадаа Тогооны эцэг Махамуд баригдаж, араг шээзгийнд хөмрүүлж, аргал түлш түүж зарцлагдаж яваад Аругтай нэр авсан юмсанж. Ийнхүү, хоёр хөвгүүний хонүонгийн хоч хойно түүхэн нэр болон үлдсэн нь тэр. Тогооны эх Самора Хатун аваас Монголын Элбэг нигүүлсэгч хааны гүнж бүлгээ. Тиймийн учир Хатун язгуурын Монголчууддаа элэгтэй явсан нь дамжиггүй. Тэрбээр Монгол Ойрадын үргэлжилсэн тэмцэл үймээний ү?эр Ойрадад баригдаж олзлогдсон Өлзийт гоо хатун, түүний хөвгүүдийн Ажай тайж, Аругтай тайши гурвыг учруулж төрхөм Төв Монголд нь нууцаар буцаахаар шийдээд:
Эзлэн сууж байсан
Эзэн хаан нөхцөв
Эртний дөрвөн Ойрад
Эх сүүлээн алдав
Эртхэн дайлахаар ирвэл
Эзэнгүй олон Ойрадыг
Эрхбиш дийлж чадна хэмээн захиж байхыг хүү Тогоон нь мэдээд:
Учирсан газар муу боловч
Өөрийн гэр болно
Уг төрхөм сайн боловч
Хүний газар болно
Эжий Та тэгж хэлбэл
Эцэг тэнгэр эс таална гэв
Самора хатун хөвгүүнийхээ үгийг үл сонсож, сайхи гурвыг нутагт нь буцаан явуулжээ. Эл цагт Монгол газар Хорчины Адай тайжийн захиргаанд орсон байв. Буцаж ирсэн гурав Самора гүнжийн захисан үгийг гээж нэмэрлэлгүй ёсоор хүргэж хэлсэнд Адайн хаан ихэд баясаж, Өлзийт гоо бэйжийг таалж хатун буулгаад Аругтайг тайшийн суудалд тохоон томилов гэнэ. Энэ нь 1420-иод оны эхэн хийгээд Хаан бээр ойрадыг цэрэглэн буулгаж авахаар Аругтай тайжийг манлай хүч болгон илгээж, өөрөө арван түмэн цэрэг авч араас нь мордсон ажээ. Ойрадын харуул туршуулууд байдлыг мэдэж, цэрэг босгон тулалдахаар угтан ирмүй. Хоёр этгээдийн зэрэг Залман хан уулын дэргэдэх Бор нохойн зуу (эдүгээ Шинжааны нутаг) хэмээх газарт тулан зууралдаж, Зүүн Баруунаа үзэж тулалдав. Эл тулаанд Адай ихэд дийлж Махамугийн хөвгүүн Багумуг барьж олзлон авсан авай. Харин Адай хаан Самора Хатуны сайн сэтгэлийг бодож "Самора гүнж бидэнд сайн явдал хийсэн тул хөвгүүнийг нь тавьж явуулбал ямар буй" хэмээн санал болговол Аругтай тайши татгалзаж
Араатны зулзагыг тэжээж үл болмуй
Адгуусны үрийг өрөвдөж үл болмуй хэмээв. Энэхүү сануулага үгийг хаан зөвшөөрч Багаму хөвгүүнийг Аругтай тайшинд тушаан өгсөн амуй. Өөрийн саналыг их хаан хүлээн зөвшөөрсөнд Аругтай тайши сэтгэл баясан хүлээн авсан нь учиртай.
Харин Аругтай тайшин Хатагтай гэрэл ахай, Тогооныг Самора Хатуны хөвгүүний хувьд ихэд энэрэх болсон агаад нэгэн өдөр Гэрэл ахай Тогооны үсийг самнаж суухыг нөхрийнх нь дүү Мөнхбат хараад
-Сонсохул энэ Тогоон их хүмүүний хойч үр юм гэнэ. Эцэг Батула нь Элбэг нигүүлсэгч хааны хүргэн гэдэг. Эцэг нь нэгэнтээ бидэнд алагдсан энэ хожим өшөө бодохгүй гэж үү. Ахайтан та түүний үсийг самнахын оронд голы нь самнавал хожмын өдрийн хориг арилгах магад хэмээн өчив. Үүнээс хойно Адай хаан Хамаг Монгол Улс бээн цуглуулж их хуралдайг зарлан хуралдуулав гэнэ. Хуралдаанаас тарж ямаа хүмүүстэй, хонь хариулан буй Тогоон зарц учирч "их хуралдай юу ярив" хэмээхэд сайхи хүмүүс "чамайг буцаах тухай хурал дээр юу ч эс хэлэцэв" гэж элэг доог болгон хэлэв гэнэ. Харин Тогоон-та нарын үг бус, тэнгэрийн үг байна хэмэн сөгдөн мөргөлөө. Тэр үеэр Тогооны эх Самора Хатун Монгол газартаа ирсэн агаад Хуралдай тарсан агшинд Адай хаанаас хөвгүүхээ суллахыг гуйхууд хаан бээр зөвшөөрч Тогооныг буцаахаар болов. Тингээд Шилмучин, Саймучин нэрт хоёр элчийг томилон бараа болгон Тогооныг хамгаалуулан Ойрад нутагт нь хүргүүлсэн амуй. Ийнхүү Тогоон хөвгүүний судсанд эцгийнх нь зүрхны цохилт булгилсаар ёуугуул нутаг, уугуул усандаа эсэн мэнд буцаж ирсэн нь тэрээ. Ойрадын ноёд Тогооныг барьцаанаас салж ирэнгүүт дотноор хүлээн авч, төр ёсны дэмжлэг үзүүлжээ. Тэрбээр Ойрадын Чуулганыг сэргээн чуулуулж Батула Чинсаны ахмад хөвгүүний хувьд эцгийн орыг залгамжилж Ойрадыг даяар захирах хүндтэй атлаа хүнд албыг хүлээн авчээ. Чуулсан ноёд , эрхтэн дархтан нар Монголын байдлыг тандан асуусанд түүний хариулсан нь:
Адай хаан мунхарч
Авгайнхаа үгийг сонсох болов
Аругтай тайши өтөлж
Аливаа үйлийг хамаарахгүйд хүрэв
Муу хүмүүс бүгдийг атгаж
Монголын төр самуун болов
Сайн эрс гэртээн жаргаж
Саадаг хоромсог агсахаа болив
Эзэнгүй улс мэт байнам
Эхгүй гал мэт байнам
Эдүгээ очиж байлдвал
Эрхбиш бид дайлнам гэв.
Тогооны нүдээр үзэж, биеэр эдэлсэн байдлыг мэдэж, Монголчууд лугаа байлдан тулалдаж, Адай хаанаас өшөө хонзонгоо авахаар цэрэг эрсээ засаж, агт морьдоо сойж эхлэв. Цэрэг мордохоос өмнө Тогоон арга бодож, хоёр тагнагчийг Адай хааны ордон зүг илгээж гэнэ. Сайхи хоёр тагнуулын үүрэг нь сайн морь, ангийн үс арьсыг монголын дээдэст бэлэг хэмээн бариад их цэрэг хүрч очтол ордны дотоод байдлыг ажиглан мэдэж хэл ирүүлэх, түүнийг үндэслэн ойлгомжтой цагт цэрэг оруулах явдал байлаа.Адай Хаан Аругтай тайши хоёр Тогооны бэлэг сэлтийг сайн сэтгэлийн хариу мэтээр гэнэн хүлээн авч, хоёр элчийг дотоод ордондоо байрлуулан найр үзүүлэв. Тэр хоёр үнэхээр мунхарч Ойрадуудын хэдэн жилд дайн байлдаанд бэлдэн буйг олж эс харжээ. Угийн сэргэлэн Тогоон хөвгүүн зарцлагдаж гундаж явахдаа Монголын хаад ноёдын алмайран суух амарлингуй авирыг соргог ажиглаж мэдсэн аж. Задрал бутралын цөв шүгэлсэн муу зүгийн самуун нь Монголын Алтан ургийнханаас хааны мэдлийг булаан авах боломжийг Ойрадын ноёдод олгож бурангуй уршиг чирэв. Тогоон 1434 онд дөрвөн Ойрадын их цэргийг захирч Монголын нутагт нэврэн орж ирээд, өөрийн хөвгүүн Эсэн бээр цэрэг манлайлуулж, Адай Хааны ордон руу дайруулав. Ямарч сэжиг аваагүй бэлтгэлгүй асан Хааныхан мэгжин сарниж, хуй салхийн адил хурдан шалмаг дайралтыг үл тэсвэрлэн. Адай хаан Аругтай тайши хоёр амь гарах санаатай ордноосооо зугтан гарсан аж. Тогоон орхисонгүй, нэхэн хөөгөөд гүйцэж Адайг баривчлан авахад Хаан бээр урьд Тогооныг нутаг усанд буцааж энэрэл үзүүлсэнээ сөхөж "Өнөө би чамд баригдав гэхдээ чи миний өршөөл энэрлийг мартаагүй буй за" гэсэнд Тогоон ихэд хилэгнэж "Чи миний алаад эхийг минь эргүй болгосон, намайг эцэггүй орхив, Би чамайг өршөөж болно гэж үү " хэмээгээд цавчин алж гэнэ. Чингэж Монголын төр Ойрадын гарт нэгэн удаа орсон нь тэр. Тогоон Тайши урьдын энэрэлийг үл тоомсорлосон авирласан явдал уур хилэн, өш хонзонд улайрсных уу, угаас хүмүүний мөс мөхөстсөнийх үү, эсхүл Адай Хааны арчаагүйд дургүйцсэнийх үү, юутай ч Монголын нэг их хааныг ийн хөнөөсөн хэрэг. Эл явдалд, Тогооны дээд өвгөтэй холбогдох нэгэн түүхэн домгийг сэргээн толилуул юу. Өмнө нэр гарсан Элбэг нигүүлсэгч Хаан (1393-1399он) нэгэн өдөр ан хөмрөгт гараад агнасан туулайн цус цасан дээр дусалсаныг харж
Цас мэт цагаан царайтай
Цус мэт улаан уруултай
Тийм үзэсгэлэнтэй сайхан эхнэр
Энэ ерртөнцөд байдаг болов уу хэмээн өөрийн сайд түшмэдээс асуувал нэгэн өөлд түшмэл Хоухай Таюу гэгч ноён долигонож "Хааны дүү Харгуцаг Дүгүүрэн тайжын гэргий Өлзийт гоо ахайтны өнгө зүс нь Таны хэлж буйгаас арван хувь үзэмж сайхан билээ" гэв. Хаан баясаж
Үзээгүй үзүүлэхыг
Үлэмж хүслийг хангахыг
Хоухай Таюу чи мэдтүгэй
Хожим Чинсанд өргөмжилтүгэй" хэмээжээ. Хойно нэгэн өдөр Харгу цаг Дүгүүрэн тайж авлахаар мордоход Хоухай Таюу завсар зайг ашиглаж ордонд сэм нэвтэрч Өлзийт гоо хатунд "Хаан эзэн, бэр дүү чинийхээ зүсийг үзэхийг өдөржин шөнөжин хүсэж буй" хэмээсэнд Өлзийт гоо ихэд эгдүүцэж
Хан тэнгэр, эх газар нийлж болдог юм уу
Хаан эзэн дүү бэрээн үзэж болдог юм уу гэж хэлээд хөөж гаргаж гэнэ. Хоухай Таюу, эл явдлыг хаан эзэндээ илтгэвэл хаан бээр ундууцаж дүү Харгуцаг Дүгүүрэн тайжийг зам тосож тонилгоод, 3 сар давхар биетэй Өлзийт Гоог Хатун болгон авч эзний сүрийг үзүүлэв. Хэвлийд ирсэн гурван сартай хүүхэд нь харгуцаг Дүгүүрэнгийн хөвгүүн, хожмын ажай тайж бүлгээ. Хойно нэгэн өдөр элбэг хаан авлахаар мордоход, Хоухай Таюу, хааны амласан Чинсан " цолыг нэхэмжлэхээр хээр зам тосож байв. Үүнийг Гоо хатун мэдэж Харгуцаг Дүгүүрэнгийн хөтөч явсан Догшин Шар гэгчийг илгээж "Чи Хааныг хээр хүлээхээр гэрт ирж хүлээтүгэй" хэмээн хэлүүлжээ. Хоухай Таюу дуртайяа гэрт нь ирэхэд Өлзийт Гоо Хатун ихэд хүндэлсэн дүр эсгэн, мөнгөн аяганд архи дүүргэж
Бага биеийг минь их болгов
Инж биеийг минь хатун болгов гэж магтаад
Энэ ачийг чинь би хэзээ ч мартахгүй
Нэн их хайр хүртээхийг хаан эзэн мэдтүгэй хэмээн дайлсаар согтоож үнагажээ. Хоухай Таюуг ухаангүй унасан хойно, түүнийг Хааны ор дэвсгэрт чирч хэвтүүлээд хатун нүүр бээн шалбалж, үсээ сэгсийлгээд Хаанд мэдээ хүргүүлэв. Хаан ирж юу болсоныг асуувал Өлзийт Гоо "Хоухай Таюу архинд согтоод намайг татсанд би эс хүлээв" гэжээ. Муухан ухаан орсон Хоухай үүнийг сонсоод гарч зугтав. Хаан араас нь хөөвөл Хоухай эсэргүүцэл үзүүлж хааны чигчий хурууг тас харвав. Ордны шадар цэргүүд Хоухай Таюуг барьж хороогоод, зоо нурууных нь арьсыг хуулж хаанд өргөв. Тэр даруй Өлзийт Гоо Хатун хааны хурууны цусыг Хоухай Таюугийн арьсны тостой хольж нухаж долоогоод
Хар сэтгэлт хааны цусыг долоогоод
Хатган өгүүлсэн Хоухайн тосыг амсаж
Эм хүмүүн би эрийнхээ өшөөг авав
Эдүгээ үхэвч гомдолгүй гэв.
Энэ Хоухай Таюу гэгч нь Тогоон Тайшийн өвгө эцэг нь бөлгөө. Элбэг хаан хатуны үгийг сонсоод Өлзийт гоо хатунд мэхлэгдсэнээн мэдсэн авч түүнийг эс зэмлэв. Харин хууртсан үйл нэгэнт цаг оройтож, өөрт нь үнэнч зүтгэсэн түшмэл сайдаа хөнөөснөө ойлгов. Чингээд Хоухай Таюугийн хөвгүүн Батула (Махаму ч гэдэг)-д хандаж "Би бээр чиний эцгийг хилсээр хороов. Түүнд амласан Чинсан тушаалыг чамд өргөмжилсүгэй. Чи Өгэчи Хаших (Юан улсын Мөнхтөр сайд)-ын хамт Дөрвөн Ойрадыг захирахтүн" хэмээн зарлиг буулгаад, өөрийг Самора нэрт гүнж бээн Матула Чинсан эцгийнхээн өшөөг авахыг үл мартан, Өгэчи хашихтай хамсаж Элбэг Нигүүлсэгч хааныг хороож тэнгэр болгов. Хагурцаг Дүгүүрэнгийн авааль гэргий, Ажай тайжийн эх, шудрага журамт Өлзийт гоо хатун чин сэтгэл өвөрлөн, хааны өлмийд эс сөгдөн, хомхой нохойтноос үл шантран Хан язгуурт эрийнхээ өшөө хорслын хариуг авсан домог ийн буюу. Тогоон Тайши 1434 он, хөх бар жилд Даяар Монголыг эрхэндээн оруулж, эрх мэдлийг атгасан авч, их хааны ор суух Алтан ургийн эрх дархыг эвдсэнгүй. Төр төмбөгөр , ёс ёмбогор байлгах үүднээс Алтан ургийн Ажай тайжийн ахмад хөвгүүн Тогтобухыг Тайсун хаанд өргөмжилж, өөрөөн тайшийн тушаалд үлсэн авч Монгол нутаг Тогооны гарт атгагдаж байв. Тогтобух хааны тухай тодруулбал түүний эцэг Ажай тайж, түүний эцэг Хагурцаг Дүгүүрэн хүн тайж, түүний эцэг Төгстөмөр Усхал Хаан бүлгээ. Ажайгийн эх Өлзийт гоо инж өөрийн хосгүй үзэсгэлэнгийн золиос болж, эр нөхөр бээн хөнөөлгөн хүчинд автаж Элбэг Хаан, Өгэчи ХашихТайшийн ор дэрийг сэлгэн гашуун үнэнийг амссан эмэгтэй,Тогоон Тайши Тогтобухыг хаанд өргөмжилсөнөөр "Монголын хан ширээг Алтан ургийн угсаанд өгнө" гэсэн амандаа хүрснийг их хүмүүний төрх хэмээлтэй. Тогтохбух хаан нэгэн удаа Ордос нутаг дахь Богд Чингис эзний Найман Цагаан ордонд тахилга өргөхөд, таван жил Монголын эрхийг барьсан Тогоон тайши мөн очиж хурим найр үүсгэн, эзний хишигээс хүртэж нилээд халамцан зүрх чангалан
Чи сод Богд мөн боловч
Би Самора Сутай Хатуны хүү билээ гэж хэлээд Эрмэг мориндоо мордож, цагаан ордонг тойрон уухай цуурайтуулан довтолгож явтал гэнэтэд хамраас нь цус садарч бие бачимдуулав гэнэ. Тогоон бүүрэгнээсээ барьж
Эзэн Богд хүч бээн үзүүлэв
Эм Сутайн хүү би үхэв гээд төдхөн мориноосоо унаж тэнгэрт хальсан гэдэг. Эл үйл 1439 онд буюу шарагчин хонин жилд болж өнгөрсөн бүлгээ. (Лувсанданзангийн Алтайн товч, Алтаншаагийн-"Монголчуудын өчигдөрын мөр" хэмээх номыг үндэслэн бичив ). Их Улсын сарнил бутралын цондон эрэлийн хөгжлийг хүртэл сөхөж муу ёрыг цөвлөх нь эл буюу.
4.Эсэн Хаан
Эсэн бол Ойрадын Тогоон тайшийн хөвгүүн, 1407 он улаагчин гал нохой жилд мэндэлсэн, улмаар эцгийн хэргэм зэргийг залгамжилж Баруун Монголыг захирах тайшийн тушаалд өргөмжлөгдсөн ажаам. Эцэг Тогоон нь Монголын Их Хааны ор суух дэг ёсыг эндүү ташаагүй сахиж Хааны сэнтийг хөндөөгүй, "Алтан ургийн" эрх дархад халдаагүй тухай дээр өгүүлсэн. Эсэн Тайшиг хэрэг дээрээ 1440 оноос Монголын төрийг гартаан атган захирсан авч эхэн сацуудаа мөн л эцгийн санаа бодлыг эсгэн үргэлжлүүлж байсан ажээ. Харин нэр агч эцэг хөвгүүн хоёр Монгол Улсын задрал бутралын замбараа муутай үеийн далимаар Төрийн эрх мэдлийг Ойрадын гарт төвлөрүүлэх зорилго нэгэн адил асан боловч их Чингис хааны хэв ёсыг эвдэх тийм ч амар бус гэдгийг тэд бас ухан ойлгож байсныг цохон дуулгаваас зохимуй. Эсэн хаан, Эзэнт Их Гүрний захиргаанаас салж хөндийрсөн зарим улс орон, газар юугаан буцаан хурааж аваад, гаднын аюулыг багасгах, хил хязгаараа өргөтгөх идэвхитэй бодлогыг шаргуу хэрэгжүүлэв. Баруун өмнөх Хилийн хязгаарыг нэгтгээд, Зүүн Туркестаны олон жижиг улс аймагтай сайн хөршийн холбоо харилцаа тогтоож, худалдаа бараа солилцоог нэмэгдүүлсэн явдал эдийн засгийн хувьд Хятадаас нөлөөлөх хамаарлыг нимгэлж чадсан амуй. Эл идэвхитэй үйл ажил нь Хятадын баруун замын харилцаанд сүрхий саад хийх болсон учир тэдний дургүйг хүргэсэн нь зайлшгүй. Дараа нь Эсэн тайши, Тогтохбуян хаан нар Хятадын зүүн хойт хилийн харуулын Урианхай хийгээд монголчуудыг татаж ойртуулж амжжээ. Эсэн Тайшийн төр бэхжиж, Монголчуудын нэгдэл зузаарч буйд Мин улсын Улсын эрх баригчид дотроо цэрвэн, монголчуудад ая тал засах ахан дүүсийн дүр үзүүлэхийг хичээж, Хаан тайши хоёрт ижил хэмжээны бэлэг сэлтийг адил илрүүлэх болсон нь Эсэн тайшийн бодит байр суурийг цохон товойлгох зорилтыг илэрхийлэх бөлгөө. Гэвч, Хятадууд алсын хорт бодлоо хэрхэвч орхиогүй, Монголтой хийх худалдаа, солилцоог хязгаарлах, хэрэгцээний бараагаар гачигдуулах үүднээс хилийн зарим боомтыг хаах, монголын талын үнийг зохиомлоор унагах зэрэг хорон ажлыг дэс дараатай хийх болов. Ялангуяа зэр зэвсэг, төмөр эдлэлийг хил давуулахыг чанга хориглож байв. Хятадууд эл явуулга тэдэнтэй хүч тэнхээ үзэхэд хүргэнэ гэдгийг Эсэн тайши эртнээс ойлгож тэднийг довтлон дайлах дайнд бэлтгэх ажилд орж эр цэргээ дайчилж, агт морьдоо сойж, зэр зэвсгээ өнгөлж цагийн аяыг харан хүлээв. Хятадын хилийн харуулын урианхай нар 1449 онд Эсэнг дагасан хэрэг явдал Мин улсыг дайлах тохироо нөхцлийг бүрдүүлж өгөв. Тингээд Эсэн мөн оны зуны дунд сард их цэрэг хөдөлгөн, Дөрвөн чиглэл барьж Хятад газарт цөмрөн орохдоон Тайши бээр өөрөө Датунгийн чиглэлээр Алаг Чинсан Сюаны Фугийн чиглэлээр давшсан нь Ойрадын цэргийн гол хүч болмуй. Харин Тогтобух урианхай нартай хавсран Лядун мужийг довтолж, бас нэгэн бүлэг хүч Гансугийн чиглэлээр орсон нь Мин улсын цэргийн хүчыг тарамдуулах, бөөн хүчээс сэргийлэх үүрэг зорилгыг агуулж байж. Энэ завсар Хятадад эрх баригчид гар хумхин суугаагүй нь мэдээж, Эсэны байдлыг тандаж мэдээд түүний эсрэг цэрэг дайнд ороход бэлдсэн нь магад. Тэд Эсэний хүчний эсрэг угтан байлдсан авч чиглэл бүрт бэлтгэл сургууль сайтай Мрнгол цэрэгт цохигдож буй таагүй мэдээ Ин Зун Их Хаанд тасралтгүй ирж байв. Дайн тулааний байдал бүтэлгүйтэх сацуу Хааны ордны тайган Ван Чэний ятгалгаар Ин Зун хаан тавин түмэн их хөлийн цэрэг хөдөлгөж өөрөө толгойлж Датун хотод ирэхэд урьд хөдөлгөсөн цэрэг Монголчуудад хиар цохиулан ухарч буй мэдээ аваад шууд тулахаас халшран Бээжингийн зүг яаран ухарсан ажээ. Харин Монголын цэрэг тэднийг тасралтгүй мөшгин нэхсээр морьдын сайны эрээр Хятадын хааны цэргийг Туму хэмээх нэртэй газарт гүйцэн ирж бүслэн авав. Хааны цэрэг бүслэлтэд ороод төдөлгүй ус ундаар гачигдаж, худаг гаргахыг оролдсон авч ус ундруулж эс чаджээ. Байдал доройтохын хамт бүслэлтээс гарах найдваргүйд тулж, итгэл тасраад Хаан Ин Зун мориноосоо бууж газар суугаад Монголын цэрэгт бууж өгчээ. Хятадын хааны шадар түшмэд их цэрэг ялагдсан шалтгааныг шалган тогтоож ордны эрх тулаанд эрдэж ард олныг зовоож явсан хийгээд эцэс сүүлд нь ихХааныш буруу зөрүү ятгаж дайнд мордуулж Монголчуудад үолзлуулсан ордны балмад тайган бусармаг явдалт Ван Чэнийгбарьж цаазлан хороожээ. Монголчууд, Хятад хүны хэт олон болоныр цугласан алаг турлиахтай адилтган зүйрлэдэг билээ. Их хааны тэргүүлсэн тэрхүү үй түмэн хар цэргийг, олон дахин цөөн Монголчууд буулган авч, эзэн хааныл эзлэн авна гэдэр Эсэн тайшид урьд үзээгүй ялалт амжилт болов. Бууж өгсөн Хааныг Эсэн тайшийн хээрийн сацарт хүргэж ирэхэд урьд өмнө нь нүүр учирч яваагүй үл таних тул зүс мэдэх хоёр ноёноор таниулж хаан биеэр нь мөн болохыг нотлуулж ихэд таашаан олон ноёд, жанжин нараа чуулуулж хэлэхдээ: "Би бээр Тэнгэрийн доорхи улс орныг нэгтгэн Их Монгол Улсыг дахин мандуулъя хэмээн ямагт тэнгэрт залбирдаг билээ. Энэ өдрийн мэт дийлэхийг үзвээс магад биелэгдэх буй за" хэмээн итгэлтэй мэдээлээд Эзэн Хааныг хэрхэх тухай зөвлөн сонсохул олонхи нь цаазлахыг шаардав. Гагцхүү Эсэнгийн дүү Баттөмөр ноён эс зөвшөөрөн хэлрүүн: “Мин Улсын хаан өнөөдөр тэнгэрээс ирсэн мэт бидний гарт орлоо. Цэрэг дайны галд жад сэлмэнд эндээгүй байхад бид түүнийг хорлож яаж болох буй. Ин Зун Хаанаа авахаар ирсүгэй хэмээн мэдэгдвэл зохимуй. Тэдэн зөвшөөрөхөд хүрвэл бид Ин Зун хааныг Бээжинд хүргээд хоёр этгээдээрээ эвсэж, улмаар дэлхий дахиныг амар төвшин болгомуй” гэв. Дүү бээн саналыг Эсэн тайши зөвшөөрч Эзэн Хааныг Баянтөмөрт тушаан өгч болзлшгүй аюул заналаас сэргийлэн асарч сайтар хамгаалан харуулдсугай хэмээн зарлиаг буулгав. Эл зарлигт өгүүлсэн асрах, харуулдах гэх үгийг харахул өнгө төдий мэт авч хэрэг дээрээ цаанаа учиртай, алсыг харж боловсруулсан нарийн бодлого, хэтийн зорилт агуулсаныг би бээр ийн төсөөлнөм. Үүнд:
1. Юуны өмнө Хаан бээр ялагдлаа хүлээж өөрөө бууж өгсныг хүнлэг ёсны үүднээс харж үзэх нь зүйн хэрэг.
2. Олзлогдсон Хаан дайсан хэдий ч дэмий нэг зандалчин дээрэмчин юмуу алан талагч бус, Их гүрний өрөмжлөгдөн хааны учир түүнд бас ч нигүүлсэнгүй хандах нь соёл иргэншлийн ёс зүйд нийцэх биз.
3. Хаан нэгэтн боловсорсон соёлтой хувь хүмүүн, түүний харилцаа ярианы ухаалаг байдал зан чанар нь эсрэг талын харилцагч хүмүүст зүй ёсоор нөлөөлж амь аврагдах нэг шалтгаан байж болох талтай.
4. Баянтөмөрийн дүү ноён өгүүлсэнийг эшлэвэл,Эсэн тайши хятад газрыг бүхэлд нь эзлэх зорилго тавиагүй зөвхөн улсынхаа хил хязгаарын аюулгүй байдлыг бататгах, Мин Улсын зүгээс учруулах түгшүүрийг таслан зогсоох мөн сайн хөршийн харилцаа тогтоож, худалдаа солилцоог өргөтгөн Монгол хүмүүний амин хэрэгцээний барааг таслахгүй болгоход хаан эзний нэр сүрийг ашиглахыг бодолхийлсэн хэрэг мэт. Магадгүй эрхэм гол асуудал энэ ч байж мэдмүй.
5. Эсэн, дайныг үргэлжлүүлэхийг бодоогүй найдлага нь Мин Улс тэртээ тэргүй эзэн хаанаа эсэн мэнд чөлөөлж авахын тулд өөрийнхөө шаардлагыг зайлшгүй хүлээж авна, үүнд хаан ч туслана хэмээн тооцоолсон биз. Гэтэл хэрэг явдал өөрөөр эргэж, хүлээсэн найдлага талаар өнгөрч, Монголчууд Хятад хүний алсын ухааныг тааварлан мэдэх судалгааг хийж болоогүйг харуулав.
Хятадууд эзэн хаанаа авахыг гуйх атугай Ин Зун хааны дүү Зү Чиой –г Бээжинд Жинди хаан хэмээн өргөмжилж, он тооллыг Жиг Тай-гын тэргүүн он гэж зарлав. Сайхи хэрэг явдал олзлогдсон хаан урьдын үнэ цэнээ алдсан болохыг илтгэх бүлгээ. Ийм чимээ сонссон Ин Зун хаан эмзэглэн хүлээн авч бачимдсан бөгөөд Эсэн тайшитай зөвлөлдөж Бээжинд буцаж очиж ширээ сууриндаа дахин суухаар шийдсэн бөгөөд урьдчилан элч томилон явуулсан ажээ. Ин Зун хааныг нйислэлд нь сүр жавхлантай хүргэх цэргийн ангийг тусгайлан гаргасан агаад Эсэн хаан их цэргээ хөтөлж Бээжингийн зүг хөдөлжээ. Гэтэл зам зуурийн хот боомтууд хаан асанаа хүлээж авах атугай хэрэм цайзныхаа хаалга үүдийг нээж өгөөгүйгээр барахгүй өмнөд нутгаас ихээхэн цэрэг тэтэж Бээжинг сүрхий бат бэхлэн хамгаалсан байв. Урьд илгээсэн элч хийгээд хааны элч Эсэн тайшийг тосон уулзаж жинди хааны гараараа бичсэн захидлыг өргөн барив. Захидлын үг:
“Мөхөс миний бие нэгэнт их сууринд суусан тул ах Бээжинд дахин хаан суухаас нэгэнт өнгөрсөн байна. Тайши та ахыг минь Бээжин зүг хүргэж ирсэн гэнэ. Яриангүй их сайн хэрэг болно. Гэтэл олон цэрэг мориор хүргэх хэрэггүй, зөвхөн арав гаруй хүмүүнээр хүргүүлбэл болмуй” гэжээ. Эсэн тайши эл байдалд ихэд хилэгнэж “Нохой байтал эзнээ таньдаг юм, эдүгээ би биеэр хааныг чинь хүргэж хотын хаалганы дэргэд ирсэн байтал тосож авах хүнмүүн үгүй нь үнэхээр хачирхалтай ” гэж хэлээд олзолсон хаанаа аваад нутаг буцжээ. Эсэн хаан 1450 оны эхээр хоёр ч удаа Хятадын хилд халдаж Ин Зун хааныг буцааж өгөхийг оролдсон авч Жинди хаан ширээ суудлаа алдахаас имээж хэлэлцээ хийхээс татгалзаж байв. Гэсэн ч Нсэн тайшийн тулгалт шадар сайд нарынхаа зөвлөмжөөр арга буюу ах бээн авах болж харин хаан ширээнд суулгахгүйбайх нөхцөлийг Эсэн тайши ч зөвчөөрч, Ойрад, Мин улсын айл хөршийн холбоо сэргэж сайжирчээ. Ин Зун нутагтаан ирээд зургаан жил болоод дахин хаан сууринд өргөмжлөгдөн суусан гэдэг. Эсэн тайши Монголын төрийн мэдлийг гартаан атгаад арван дөрөв таван жил болсон ч хаан ширээг эзлээгүй байв. Тийн авч хаан суудлын төлөө зүтгээгүй тэмцээгүй гэвэл эндүүрэл. Гагцхүү цагийн салхийг л хүлээн суусан хэрэг. Хааны титэм “Алтан ураг”бус хэн хүнд тийм дураар олдоод байдаг эд бараа бишийн ил баримт энэ мөн. Тогтобух хаан, Эсэн тайши хлёрын “эв найр” эвдрэх цаг хугацаагаа хүлээж байсны илрэл нь хааны ор суух хүн тайшийн тушаалд өөрсдийн хүнийг гаргахаас таргаан дэгдэж 1451 онд зэр зэвсэгт хүрсэн ажээ. Эл байлдаанд Эсэн ялж, Хаан зугтаж Хэрлэнд хадамындаа очсон ч урдын хонзонгоор хадам Цавдан нь барьж хороов. Ойрад Зүүн Монголын дотор хороодын эвдрэл хямрал Тогтобухаас хойш үргэлжилсээр л байв. Эсэн 1454 онд Чингисийн угсааны Агваржин жонон болон түүний хөвгүүн Харгуцаг Дүгүүрэнг зам зуураасаа зайлуулаад Зүүн Монголыг бүрэн эрхшээлдээ оруулж авч, тэр жилдээ өөрийн биеийг Их Монголын хаан хэмээн зарлажээ. Монголын төр Ойрадын гарт орсон бас нэгэн түүх ийн буюу. Тингэж Төв Азийн өргөн уудам нутагт Монголын хүчирхэг нэгдсэн улс түр авч сэргэсэн билээ. Энэ үеийг Зүүн Монголын дөчин түмэн, Ойрад Монголын дөрвөн түмэн нэгдсэний учирт түүх бичигт “Дөчин-дөрвөн хоёр” хэмээн нэрлэх нь бий. Харин хаан суух уламжлалт заншлийг зүрх гарган эвсдэн Эсэн хааныг Монголын ноёд удаан суулгасангүй, хоёрхон жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд буюу 1455 онд зайлуулав. Алтан ургийн угсааны урагш муутай ноёд Төр барихын төлөө үхэж хататлаа хатгалдаж, бүтэн улсаа бутрааж бусдын өгөөш бэлдэх атлаа хаан төрийг атган зангидах нэгэн чадвартан товоймогц унагаж устгахдаа гарамгай хэвээр л авай. Ойрадын нэртэй ноён Алаг Чисан тайши болохыг санаархсаныг Эсэн эл зөвшөөрсний улмаас тэмцэлдэж хаан дийлэж зугтаж яваад ард олонд алагдсан гэдэг. Монголын задрал бутралыг зогсоож нэгдсэн хаант төрийг сэргээхийг оролдсон Ойрадуудын тэмцэл Алтан ургын ноёд түшмэдийн зүгээс дэмжлэг олоогүйн улмаас бүтээгүй хэмээн судлаачид дүгнэдэг. Эсэн хаан Монголын түүхэнд товойн гарсан төрийн томоохон зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжны хувьд задрал хагаралыг түр авч зогсоон барьж, аж ахуйг өөд татсан хаадын нэг. Эсэн хаанаас хойш зуугаад жилийн туршид Ойрадын тухай түүх шастирт тун бүдэг бичигдсэн нь тэдний эрх нөлөө Монголын дотор хэсэг буурсантай холбоотой нь маргаангүй.

Эх сурвалж: Ойрадын түүхэн зурвас Ч.Бирадамба

No comments:

Post a Comment

сомментарии