Thursday, December 24, 2009

“Бид Назарбаевын адил өөрийн үндэстнээ цуглуулах эрхтэй”

toriin_tug“Бид Назарбаевын адил өөрийн үндэстнээ цуглуулах эрхтэй”. 2003, Зохиогч Болд, “Ноцтой Мэдээ”.
Оршил:-Даяарчлалаар далимдуулан “түр байрлах” дүрвэгсэд, тариачид, ажилчдын дүрийг эсгүүлэн Монгол Улсад харийнханыг үүрд суурьшуулах тухай асуудлыг тавьбал нь бид өөдөөс нь өөрсдийн ах дүүсийг харийн нутгаас авчрах асуудлыг сөргүүлэн тавьж “даяарших” ёстой. Монгол улсын дэлхийд 18-т орох уудам нутаг маань зарим хэт шахалдаж, хэт халууцаж байдаг болон жижиг нутагтай том хүсэлтэй үндэстнүүдийн хараанд их өртөж байгаа бололтой. Өвгөдийнхөө нутгийн ихэнхийг алдсан бидэнд одоо харийнханд илүүчлэх сөөм ч газар байхгүй.
“Ноцтой Мэдээ”: -Сүүлийн үед даяарчлал гэж их ярих болжээ. Ер нь энэ үйл явдалд манай улс яаж оролцвол зохистой гэж та үздэг вэ?
Болд: -Нэг их даян дэлхийд санаа зовсон хүмүүс монголоор дүүрч, тэд өдөржин даяарчлал, гэж ярьж, бүүр далайлгах аястай болж. Гэтэл даяарчлалын пянг даахгүй байж мэдэх үндэстэндээ санаа зовогчид ховор. Уг нь даяарчлал монголоор дутахгүй. Мэдээлэл, эдийн засгийн даяарчлал тэртэй тэргүй жам ёсоороо явж байна. За тэгвэл тэр даяарчлалд нь бид өөрийнхөөрөө, генийн фонд, хүний нөөцийн төлөө оролцьё. Яаж? Бид чинь ердөө 2.5 саяулханаа биш шүүдээ. Оросод бараг сая, Хятадад 5 сая гаруй монгол хүн байна. Түүнээс гадна Афганистанд 5 сая гаруй Хазара гэх хүмүүс байгаагын 2.5 сая нь цэвэр монгол цусных. Энэ талаар би судалгаа хийж үзсэн. Цагаадайн эзэнт улсыг задрахад эх монгол нутаг руугаа буцах замдаа Афганистаны нутагт бөөгнөрөн саатаж өдүгээг хүртэл тэнд суурьшиж буй тэдний түүх их гашуун. Англичуудын гар хөл болсон пуштун нарт хядуулж байсан ч, зөвлөлт-афганы дайнд зөвлөлтийн цэргүүдийг бусдаас түрүүлж Хазаражатад ялж эрэлхэг гэдгээ харуулсан хүмүүс.
“НМ”-Таныхаар даяарчлалд Монгол үндэстнээрээ нэгдэн оръё гэж бодьё. Өнөөдөр өвөрмонголоос бусад нь монгол хэлээ мартсан шүү дээ. Хэрэв Хазар мэтийг нэгтгэвэл хэл шашны том ялгаа гарах биш үү?
Болд- Шашны хувьд. Өөрсдөө харийн, буддын шашинд орчихсон байтлаа манайхан харийн шашнаар бие биенээ айлгах хэрэгүй. Ирээдүйд монголчууд харийн шашнуудаас бүрэн татгалзаж, зөвхөн монгол хүн шүтэх, үндэсний шашинтай болох хэрэгтэй. Хазарууд 16-р зууныг хүртэл цэвэр монголоор ярьж байсан гэдэг. Зуун жил өнгөрөх тутамд тэдний монгол үгсийн сан 10%-иар цөөрч иржээ. 19-р зуунд пүштүнчүүд манай хазаруудын 60%-ийг алж устгасан. Пүштүнчүүд олзлогдсон Хазаруудын нөхөр, эхнэр, хүүхдүүдийг салган өөр өөр айл, омогууддаа байлдааны шагнал болгон өгч байсан. Гэвч 700-800 жилийн турш зөвхөн түрэг, персүүдтэй зэрэгцэн амьдарч ирсэн хазаруудын хэлэнд өнөөдөр нялх, толгой, алга, хавирга, улаан, оочих, тутаах зэрэг монгол үгс 10% байгаа бол түрэг үгс 10%, үлдсэн 80% нь перс байна. Бидний адил бас харийн шашинд гүн орсон Хазарууд одоо -шашин бол аврал биш-гэдгийг бас ойлгож эхэлжээ. Тэдний гол итгэл найдвар нь үндэстний үзэл болж эхэлжээ. Дашрамд хэлэхэд, морьны хазаар гэх үгийг монголчууд байнга хэрэглэж байсан нь нутгийн персүүдын хазара буюу 1000-т гэх үгтэй ижил сонсогдож байснаас үүдэн тэднийг Хазара хэмээн нэрлэсэн байж мэднэ. Бас нэгэн зүйл. Хазаруудыг монгол цэргүүд болон нутгын эмсийн хоорондоос үүссэн гэж их бичдэг. Тийм ч хазарууд бий байх. Гэтэл тэдний нилээд нь цэвэр монгол царайтай байгааг яаж тайлбарлах вэ? Миний бодлоор, энэ нь харийн нутагт цэрэг эрсийг удаан хугацаагаар байлгахын тулд монгол нутгаас тэдний ар гэрийнхэнийг аваачдаг байсантай холбоотой юм. Афганистанд хазаруудаас гадна могол гэж баруун монгол аялгаар ярьдаг хүмүүс бий. Одоо тэдний дөнгөж 200-300 нь монголоор ярьж байна гэнэ. 40-өөдхөн жилийн өмнө тэдний 40000 нь монголоор ярьж байсан гэдэг. Дандаа дайны хөлд дүрвэж явсаар хүүхдүүд нь битгий хэл томчууд нь ч хэлээ мартжээ.
“НМ”: -Та Монгол үндэстнийг нэгтгэх үзэл санаандаа их үнэнч яваа бололтой. Үнэхээр нэгтгэхэд хүрвэл газар нутаг маань хүрэлцэх болов уу?
Болд: -Эцэг өвгөдийнхөө нутгийг бусдад бэлэглэж үлдээгээд, буриад, өвөрмонголчуудыг Монгол улсад авчрах тухай яриа байж болохгүй. Буриад, Өвөрмонгол байгаагүй бол бид Орос, Хятадтай шууд нүүр тулна. Эд нар маань оршин амьдарч байгаагаараа биднийг харийн хүмүүсээс нилээд хэмжээгээр халхлан байгаа гэсэн үг. Зөвхөн, харийн нутагт хувь заяаны эрхээр үлдэж хоцорсон хүмүүсийн үр садыг аажмаар эргүүлэн суурьшуулах боломж, шаардлага, ёс суртахууны үүрэгийн тухай ярьж байна. Ялангуяа, тушаал авч харь холын орнууд руу явсан цэргүүд, тэдний гэрийнхэний үр садын хувьд.
Энд нэгэн зүйлийг онцолж хэлъе. Дайны улмаас олон мянган хазарууд Афганистанаас дүрвэн гарахад дэлхийн олон орон хүлээн авсан. Гэтэл мах цусныхаа тасархай тэднийгээ Монгол Улс огт хайхраагүй. Өлсгөлөн, ядууралд нь нэг ч шуудай гурилаар туслаагүй. Үүнд дэлхийд олон хүн гайхсан байх. Газар бол зөвхөн одоо амьдарч байгаа үеийнхэний өмч биш. Газар бол хамгийн ирээдүйд төрөх үе үеийн монголчуудын өмч. Мөн эх нутагтаа эргэж ирж чадаагүй монгол цэргүүдийн үр садад ч хүртэх өмч байж магадгүй. Хазаруудыг бүгдийг авчрах тухай хэн ч уриалахгүй. Хазара гэх хүн бүр монгол гаралтай гэж гэнэн бодож бас болохгүй. Тэдний зөвхөн монгол царай зүсээ хадгалж үлдсэн бөгөөд өөрсдийгөө зөвхөн монголчуудын үр сад гэж үздэг хэсэгтэй л бид ярих ёстой.
Казакстаны ерөнхийлөгч Н.Назарбаев Зөвлөлтийн бүгд найрамдах улсынхаа хүн амын дөнгөж 38%-ийг эзэлж байсан казак үндэстний үр садыг энд тэндээс цуглуулсаар байгаад одоо 70-иас давуулчихаад цааш явж байна. Герман, Турк, Орос зэрэг олон орон өөрийн үндэстний хүмүүсийг харийн нутгаас авч байна.
Даяарчлалаар далимдуулан дүрвэгсэд, тариачид, ажилчдийн нэрээр харийн үндэстнийг монголд суурьшуулах тухай асуудлыг тавибал нь бид өөдөөс нь өөрсдийн ах дүүсийг авчрах асуудлыг сөргүүлэн давьж бид даяарших ёстой.
“НМ”: -Хазарууд бас манайхан шиг өгзгөндөө хөх толботой төрдөг үү?
Болд: -Хөх толботой болгоныг бидэнтэй гарал үүсэл нэг гэж үзэж болохгүй. Хөх толбо чинь хүний л нэг шинж болохоос биш угсааг тодорхойлох зүйл биш. Хөх толбогүй үндэстэн ховор. Бүүр африкт ч бии. Сүүлдээ улс төрийн толбо болж хувирсан. Харин хөх толбо мэтийг ярьж гэнэн монголчуудыг уяраах оролдлого их явагддаг болсон. Эцэст нь хэлэхэд, монгол үндэстэн биологын насжилтаараа дэлхийд залуугаараа байгаа цөөхөн үндэстний нэг. Үүнийг “халзрал”-ын онолоор нотолдог. Залуугаараа битгий хэл өтөлсөн хойноос ч монгол эрчүүдийн толгойны үс халзрах тохиолдол маш ховор тохиолддог гайхалтай байдал бол үүний нэг нотолгоо гэж үздэг.
2003, Зохиогч Болд, “Ноцтой Мэдээ”

No comments:

Post a Comment

сомментарии