Thursday, December 24, 2009

Уйгурчуудын хашхираан дэлхийг цуурайтуулж байна.

ImageХятадын засгийн газар Далай Ламыг гүтгэснийхээ адилаар Дэлхийн Уйгурчуудын Холбооны тэргүүн хатагтай Кадирыг бослогын буруутан мэтээр харуулахыг зорьж байна:

БНХАУ-н Шинжаан (Шинэ Хязгаар)-д долдугаар сарын тавны өдрөөс эхэлж
байдал тогтворгүйтэн Уйгур болон Хань үндэстэний хооронд мөргөлдөөн
гарч эхэлсэн билээ. Энэ байдлаас улбаалан одоогоор 156 хүний амь
үрэгдэж 1000 орчим хүн гэмтэж бэртээд байгаа тооцоог гадаад эх
сурвалжууд мэдээлж байгаа буюу бэртэгсэдийн дийлэнхийг Хань үндэстэн
эзэлж байна гэх боловчиг бодит байдал үүнтэй нийцэхгүй байгаа ажээ.
Тиймээс энэ тухайд Дэлхийн Уйгурчуудын Холбооны тэргүүн Рубия Кадир
өөрийн бодлоо илэрхийлсэн ба тэрбээр хэлэхдээ, Үрэмч болон Кашгар
хотуудад гарсан бослого нь аливаа нэгэн шашны нөлөө буюу улс төрийн
бүлгийн турхиралтын оролцоогүй эхэлсэн бөгөөд харин ч жаран жилийн
туршид Уйгурчуудын эрх чөлөөг хасаж дарласан Хятадын засгийн газрын
буруу болно гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын засгийн газар бослого гарсны мөн
чанарыг тодруулж хариу арга хэмжээ авахаасаа илүүгээр Д.У.Холбоо зэрэг
гадаадад төвлөрсөн сайн дурын холбоодыг гүтгэхээ урьтал болгож байгаа
нь өнгөрсөн оны гуравдугаар сард Төвдөд гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнд
Далай Ламтанг буруутгасантай адил хэрэг боллоо гэлээ. Гэхдээ хатагтай
Кадир Хятадын засаглалын Уйгурын ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэргийг
шүүмжлээд зогссонгүй мөн Уйгурчуудын үүсгэсэн эмх замбараагүй байдлыг
зөвтгөн үзэхгүй байгаагаа мэдэгдээд аливаа асуудлыг энхийн замаар
шийдвэрлэх ёстой хэмээв.

Яг одоогийн байдлаар чухам хэчнээн
хүний амь эрсдээд байгааг тухайлан бодох боломжгүй ч Үрэмч хотод л
гэхэд 400 гаруй Уйгарчууд амь насаа алдсан баримт байгаа аж.
Харамсалтай нь БНХАУ-н албаны эх сурвалжууд зөвхөн амь үрэгдсэн Хань
үндэстэний иргэдийн тухай л дэлхий нийтэд мэдээлж байна.


Эсэргүүцэл гарсны уг шалтгаан нь Хятадын Гуаньдон дахь тоглоомын
үйлдвэрт ажилладаг байсан хэсэг Уйгурчуудыг Хятадууд зодож алснаас
үүсэлтэй бөгөөд хэрэг дээрээ хоёр Хятад эмэгтэйг бэлгийн хүчирхийлэлд
оруулсан гэж сэрдэгдэн хөнөөгдсөн Уйгур залуус гэм буруугүй байжээ.


Хатагтай Кадирын үзэж буйгаар хэрэвзээ Шинжаан дахь эрх баригчид
Гуаньдонд гарсан хүн амины хэргийг үйлдсэн этгээдүүдэд хуулийн
хариуцлага хүлээлгэсэн бол Үрэмч хотынхон долдугаар сарын тавны шөнийг
тайван үдэх байлаа. Гэвч Шинжааны Хятад удирдагчид энэ талаар огтхон ч
санаачлага тавин ажиллаагүй өнгөрсөн бөгөөд ерөөс Уйгурчуудын амь нас,
эрүүл мэнд Хятадын эрх баригчдад огтоос хамаагүй гэдгийн бас нэгэн
баталгаа боллоо гэв. Энэхүү Гуаньдонд гарсан жигшим хэргээс ч урьд
Хятадууд Уйгурын соёл, шашин болоод хүн амыг аажим аажмаар түлхэн
гаргаж засгийн мэдэл дэх Уйгурын төлөөллийг бас шахан үгүй болгосоор
ирсэн билээ.

Хатагтай Кадир өөрөө Хятадуудын дарлал, хавчлагыг
биеэрээ амссан хүмүүсийн нэг бөгөөд тэрээр хөвүүд болох Алим, Абликим
нарын хамт шоронд хоригдож ёс бус эрүү шүүлтэд орж байсан бөгөөд одоо ч
түүний хоёр хүү Үрэмч хотод урт хугацаатай хорих ял эдлэн торны цаана
сууж байгаа ажээ. Тэдний төрөл төрөгсөдийн мэдэж авснаар Алим, Абликим
нарын биеийн байдал одоо тун тааруу байгаа ажээ. 1999 оноос 2005
онуудын хооронд хоригдох хугацаандаа Рубия Кадир эмнэлгийн тусламж
болон зохистой хангамжуудыг авч байгаагүйн дээр хамгийн аймшигтай нь
Кадир бусад Уйгурчуудын эрүү шүүлтэнд орон тамлагдах үед хэд хэдэн удаа
хажууд нь байж нүдээрээ үзсэн байна. Тэдгээр тарчлагдсан хүмүүсийн
дотор улс төрийн идэвхтэнүүдээс гадна хүний эрхийн байгууллагын гишүүд
болон огт хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдсон улс ч байжээ.


Хэдийгээр Рубия Кадир 2005 онд Америкийн Нэгдсэн Улсад оршин суух эрх
авч тамлал шийтгэлээс ангижирсан ч түүний адил мянга мянган Уйгурчууд
Хятадын харгис засаглалын гарт өртөж, түүнээс ч харамсалтайгаар залуу
Уйгурчууд эх хэл дээрээ боловсрол мэдлэг олж аван, эх хэлээрээ ажил,
албан газар болон нийгмийн аль ч хэсэгт харилцах эрхгүй, боломжгүй
болсоор.

Түүгээр зогсохгүй Хятадын засгийн газар Уйгурын
эртний соёлын өлгий болсон Кашгар хотыг газрын хөрснөөс арчсанаараа
Уйгурчуудын олон жилийн дургүйцэл, үзэн ядалтыг улам эрчимжүүлэхэд
хүргэсэн юм. Үүний улмаас 220,000 Уйгурчууд орон гэргүй хоцорч гудманд
гарахад хүрсэн бөгөөд одоо хотын захын шавааралдсан орон сууцны
хороололд толгой хоргодоцгоож байгаа юм. Энэхүү тушаалыг гаргахдаа
Хятад эрх баригчид Уйгурчуудын талаас ганц ч төлөөлөгчийг оролцуулаагүй
байна.

Рубия Кадир эцэст нь хэлэхдээ, Уйгурчууд цөхрөнгөө
барж аргагүйдсэн учраас л түмэн эсэргүүцлийг ч үл тоон дэлхий тэдний
цуурайг ч болтугай чагнах байх хэмээн ирэх тарчлаан, тамлал, зовлонг эс
тоон гудамжинд мянга мянгаараа гарч тэмцэхэд хүрсэн билээ. Магадгүй
тэдгээр залуусын цөхрөл нь айдсаа давсных биз.

No comments:

Post a Comment

сомментарии