Thursday, April 30, 2009

Чихинү чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл

Чихинү чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл


mongolhel12 сарын 21-н үндэсний эх хэлээ тэмдэглэх өдөр. ЮНЕСКО-гоос энэ өдрийг үндэсний эх хэлний баярын өдөр болгон ёслож ирсэн уламжлалтай бөгөөд манай улс гурав дахь жилдээ тэмдэглэж байна.
Монгол нутгийн хөрсөн дээр хөх толботой хүмүүний үр болж төрснөөрөө омогшин бахархдаг билээ, би. Хүлэг морьдынхоо туурайгаар дэлхийн талыг тамгалж явсан буурал дээдсийн хойчийг залгамжлагч, ач гучийн хувьд эх түүх, эх соёлоо бишрэн магтаж, сөгдөн мөргөмүү.
“Монголын түүх, соёлын аль эрхэмсэг сайхан, сүр жавхланг төлөөлсөн албан бус элч” хэмээн Энэтхэгийн монголч эрдэмтэн, профессор Раху Вирагийн өндрөөр үнэлж байсан билгүүн номч Бямбын Ринчен абугайн “Монгол хэл” шүлгээр хань татаж энэ өдрийг мялаая. Энэхүү Эх хэлнийхээ өдрийг Монголчууд бид нэгч гадаад үг хэрэглэлгүй эх хэлээ хүндэтгэн тэмдэглэмүү.

Монгол хэл

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдлэж
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Б.Ринчен

No comments:

Post a Comment

сомментарии